Дэлхий даяар улс орнууд бүхий л салбар чиглэлээр тогтвортой хөгжлийн асуудлыг тэргүүн эгнээнд авч үзэн, тогтвортой, хариуцлагатай өсөлт, хөгжлийн замналыг сонгож, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй, оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, нэвтрүүлэхэд анхаарч байгаа энэ цаг үед бид ч мөн адил дотоодын харилцагч нарынхаа эрэлт, хэрэгцээнд тулгуурлан зөв, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор хичээнгүйлэн ажиллаж байна. Тэр дундаа бид уул уурхайн салбарт олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад байгаль орчны нөхөн сэргээлт болон кейтерингийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2010 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Бид анх 120 хүний багтаамж бүхий гэр кэмпийг барьж байгуулан улмаар 2012 онд 2 давхар амрах өрөө бүхий 230 хүний багтаамжтай үйлчилгээний цогц барилга, байгууламжийг нэмж ашиглалтанд оруулан амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “МЕРА” ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тавантолгойн ордын Баруун цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Олборлолт” ХХК, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Хойд элдэвийн уурхай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумд байрлах Зоолуухарын уурхай, Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлаж буй геологи хайгуулын ангиуд болон Өмнө говь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрлалтай Жавхлант орд уурхайд буюу нийт 8 компанийн 580 орчим ажилтанд 24 цагийн турш ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлж, сэтгэл ханамжтай, эрсдэлгүй ажиллуулах нөхцөл боломжоор хангахын тулд иж бүрэн тоноглогдсон кэмпийн цогцолборыг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд бид цэвэрлэгээ, ажлын болон өдөр тутмын хувцас угаалга, аж ахуйн завсар үйлчилгээ, хэрэгцээт бараа материал хүнсний хангамж, агуулах, цэцэрлэгжүүлэлт, худалдааны цэг, чөлөөт цаг өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, харуул хамгаалалт, кэмпийн байгууламж барих болон кэмпийн менежменттэй холбоотой бүхий төрлийн ажлыг хариуцан гүйцэтгэж ажиллаж байна.
Манай байгууллага харилцагч нарынхаа нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулахын төлөө тасралтгүй зорин ажиллаж байна. Бид харилцагч нарынхаа сэтгэл ханамж, итгэлийг улам баталгаажуулахын төлөө байнгын шинэчлэл сайжруулалтыг хийхийг зорьж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа бизнесийн ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн ажилладаг. Түүнчлэн бид бүхий л үйл ажиллагаандаа олон улсын стандарт, хамгийн сүүлийн үеийн шалгарсан техник, технологи, менежментийг нэн тэргүүнд нэвтрүүлж ажиллах бодлого баримталдаг. Бид цаашдаа ч үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй, алхам алхамаар нэмэгдүүлэх замаар эрхэм харилцагч, хэрэглэгч нартаа хамгийн оновчтой, үр ашигтай, хариуцлагатай менежментийг хэрэгжүүлэхэд нь тусалж, чанартай, өндөр үнэ цэнэтэй үйлчилгээг хүргэхийг эрхэмлэн зорьж ажиллах болно.
Энэ дашрамд бидний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллаж, бидний амжилт, ололтыг хамтдаа бүтээлцсээр ирсэн нийт харилцагч, хамтрагч байгууллагууд болон ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхнийхээ ажил үйлсэд өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе!
“Эколожикал текноложи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч. Энхдаваа